7 дугаар зүйл. Байгаль орчин, уур амьсгалын сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Байгаль орчин, уур амьсгалын сан

7.1.Байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

7.2.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

7.2.1.тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж болон тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил, үйлчилгээний нэг удаагийн хөлс;

7.2.2.Усны тухай хуулийн 3.1.32-т заасан ус бохирдуулсны төлбөрийн орлого;

7.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;

7.2.4.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;

7.2.5.байгалийн баялгийг хууль бусаар бэлтгэж борлуулсны орлого;

7.2.6.Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасан агаарын бохирдлын төлбөрийн орлого;

7.2.7.Ойн тухай хуулийн 31.1-д заасан хандивын орлого.

7.2.8.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөрийн орлого. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

7.3.1.байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн байдлыг судлан тогтоох, мэдээллийг хуримтлуулж боловсруулах, дүгнэлт гаргах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

7.3.2.байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах;

7.3.3.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

7.3.4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих;

7.3.5.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг санхүүжүүлэх; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.6.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх;

7.3.7.ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах;

7.3.8.агаар, орчны бохирдлыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

7.3.9. бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, мэрэгч, хөнөөлт хортон шавж устгах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.3.10.энэ хуулийн 7.2.2-т заасан ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50 хувийг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд, 50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.3.11.байгалийн гамшигт үзэгдлээс учирч болох эрсдэлийг бууруулах чиглэлээр олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих.

7.3.12.генетик нөөцийг тогтоох, судлах, хамгаалах, нөхөн сэргээх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, генийн санг хөгжүүлэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.