35 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа

35.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

35.1.1.хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болон маргаанд холбогдох өмгөөлөгчөөс тайлбар авах;

35.1.2.хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал болон маргаанд ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлын талаар нэмэлт баримт сэлт, мэдээлэл цуглуулах;

35.1.3.хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар мэдэх этгээдээс тайлбар авах;

35.1.4.тусгай мэдлэг шаардах асуудлаар мэргэжлийн байгууллага, шинжээч, мэргэжилтнээс тодорхойлолт, дүгнэлт, тайлбар гаргуулан авах.

35.2.Нэг өмгөөлөгчид холбогдуулан хэд хэдэн хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн бол Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын шийдвэрээр нэгтгэн нэг маргаан үүсгэж болох бөгөөд нэг өмгөөлөгчид холбогдуулан хэд хэдэн маргаан үүсгэсэн тохиолдолд Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр тэдгээрийг нэгтгэн хянан хэлэлцэж болно.

35.3.Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг 30 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг дахин нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

35.4.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

35.5.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Өмгөөлөгчдийн Холбоо хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.