36 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр
36.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.
36.2.Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
36.2.1.өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэх;
36.2.2.өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох;
36.2.3.энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох;
36.2.4.зөрчлийг тал бүрээс нь, бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэх үндэслэл байгаа бол нэмэлт ажиллагаа хийлгэхээр энэ хуулийн 32.5-д заасан ажлын албанд буцаах.
36.3.Энэ хуулийн 36.2.3-т заасан үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг өмгөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй бол маргааныг нийтлэг журмын дагуу хянан хэлэлцэж, энэ хуулийн 36.2.1, 36.2.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
36.4.Хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол Мэргэжлийн хариуцлагын хороо эрх бүхий байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.