7 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журам
7.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ.
7.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.
7.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах этгээдэд олгохыг хориглоно:
7.3.1.төрийн байгууллага, иргэн;
7.3.2.улс төрийн нам, эвсэл, тэдгээрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;
7.3.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;
7.3.4.шашны байгууллага;
7.3.5.төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл удирдлагын баг /захирал, дэд захирал, менежер/-ийн 30-аас дээш хувь нь гадаадын иргэн эзэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага.
7.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална:
7.4.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;
7.4.2.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэх;
7.4.3.радио, телевизийн газрын тоон сүлжээний үйлчилгээ болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй давхардуулан олгохгүй, эзэмшил нь тусдаа байх;
7.4.4.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хугацаа, тусгай зөвшөөрлийн төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршил болон тусгай зөвшөөрөл олгохтой холбогдох журам, бусад баримт бичгийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлэх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.5.энэ хуулийн 6.1.3, 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.4.6.гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох.
7.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.5, 9.6, 9.7, 9.9, 9.14-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./