10 дугаар зүйл. Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн чиг үүрэг
10.1.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Оюуны өмчийн үндэсний зөвлөл ажиллана.
10.2.Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалах бөгөөд дэд дарга нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
10.3.Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
10.4.Оюуны өмчийн үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.4.1.оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.4.2.оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулж, салбар хоорондын уялдааг хангах;
10.4.3.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах.