12 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллагын чиг үүрэг

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллагын чиг үүрэг

12.1.Оюуны өмчийн байгууллага дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.оюуны өмчийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

12.1.2.оюуны өмчийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах;

12.1.3.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах этгээдийг шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

12.1.4.хамтын удирдлагын байгууллагад зөвшөөрөл олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үр дүнг тооцож, нийтэд мэдээлэх;

12.1.5.оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах ажлыг энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу жил бүр зохион байгуулах;

12.1.6.гадаад улсын адил байгууллага болон олон улсын байгууллагатай холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;

12.1.7.оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, нийтэд мэдээлэх;

12.1.8.эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараас эдийн засгийн өндөр үр ашиг өгөхүйц бүтээлийн судалгаа хийж, Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг мэдээллээр хангах;

12.1.9.оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх

12.1.10.эрх шилжүүлэх гэрээ, лицензийн гэрээ, франчайзийн болон мерчандайзийн гэрээг бүртгэх;

12.1.11.оюуны өмчийн сургалт, судалгааны ажлыг нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах;

12.1.12.оюуны өмчтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай лавлагаа өгөх;

12.1.13.оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, гэрээ байгуулах, бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

12.1.14.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг батлах;

12.1.15.оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журмыг батлах;

12.1.16.оюуны өмчийн эрхийг олон нийтэд сурталчлах, оюуны өмчийн эрх зүйн талаарх олон нийтийн болон оюуны өмчийн эрх эзэмшигчдийн мэдлэгийг дээшлүүлэх;

Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн.

12.1.17.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтын дугаарт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Оюуны өмчийн байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч, эсхүл түүнд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг бүртгэх, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, бүтээлийн сан бүрдүүлэх;

12.2.2.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах.

12.2.3.хамтын удирдлагын байгууллага, зохиогчийн эрхийг хамгаалах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх байгууллага, бүтээл ашиглагч болон төрийн байгууллагыг зохиогчийн эрхийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах.

/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.3.Оюуны өмчийн байгууллага аж үйлдвэрийн өмчийн эрхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.3.1.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх;

12.3.2.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн бүртгэл хөтөлж, патент, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

12.3.3.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн бүртгэлтэй холбогдсон мэдээллийг нийтэд мэдээлэх зорилгоор албан ёсны тогтмол хэвлэл эрхлэн гаргах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.