33 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хуралтай харилцах
33.1.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны жилийн тайланг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
33.2.Улсын Их Хурлын Байнгын хороо төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх танилцуулгыг сонсож болно.
33.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, зохион байгуулалттай холбоотой асуудлаар Улсын Их Хуралд санал хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
33.4.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, захиран зарцуулахад хамаарах аливаа асуудлаар санал, зөвлөмж бэлтгэж, Улсын Их Хуралд танилцуулж болно.
33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
33.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.