38 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа

38.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэн, аливаа этгээд төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

38.2.Төрийн аудитын байгууллага болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

38.3.Монгол Улсын Ерөнхий аудиторыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд түүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

38.4.Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

38.5.Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглоно.

38.6.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвшөөрлөөр гаргасан аудитын тайлан, дүгнэлттэй нь холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авч болно.

38.7.Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг албан үүргийнхээ дагуу гаргасан аудитын тайлан, дүгнэлт болон гүйцэтгэж байгаа аудитын талаар өөрийг нь холбогдуулан эрүүгийн, зөрчлийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж үл болно.

38.8.Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн талаар мэдээлэл өгөхийг төрийн аудитын байгууллагын албан хаагчаас шаардахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.9.Төрийн аудитын байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамт, шахалт үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

38.10.Төрийн аудитын дээд байгууллагын байр төрийн хамгаалалтад байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.