10 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат
10.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг дараах дарааллын дагуу боловсруулна:
10.1.1.улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг тодорхойлсон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
10.1.2.нөхцөл байдлын дүн шинжилгээгээр тогтоосон асуудлыг шийдвэрлэх хөгжлийн загвар, төсөөлөл, үр нөлөө, гарах үр дүн, нөөцийн судалгаа, санхүүгийн хэмжээ, эх үүсвэрийн тооцоолол хийж, бодлогын хувилбарыг боловсруулах;
10.1.3.бодлогын хувилбаруудад хүний хөгжлийн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилсан үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах байдлын үнэлгээ, үр ашгийн урьдчилсан тооцоо хийх;
10.1.4.бодлогын хувилбарыг энэ хуулийн 10.1.3-т заасныг үндэслэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан сонгох;
10.1.5.бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг эрэмбэ дараалал, үе шатаар тооцож тодорхойлох;
10.1.6.бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинд үндэслэн үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох.