18 дугаар зүйл. Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний цаглавар
18.1.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлнэ. Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.4.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлнэ. Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
18.5.Хөгжлийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн байгууллагууд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд суурилсан Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг 9 дүгээр сарын 01-ний дотор боловсруулна.
18.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.7.Эрх бүхий этгээд Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 5.2.16-д заасан зарчмын дагуу нэгтгэн тайлагнах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./