5 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим
5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:
5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
5.1.2.дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;
5.1.3.нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;
5.1.4.тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;
5.1.5.тэнцвэртэй байх;
5.1.6.нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;
5.1.7.ил тод, нээлттэй байх;
5.1.8.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
5.1.9.зорилго, зорилт хэмжигдэхүйц байх;
5.1.10.шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх;
5.1.11.төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх;
5.1.12.төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах;
5.1.13.бүх талын оролцоог хангасан байх;
5.1.14.төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах;
5.1.15.оролцогчдын хариуцлагын зарчим.
5.1.16.нэгтгэн тайлагнах зарчим; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.17.төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
5.2.1."үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх зарчим" гэж Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхэд чиглэсэн байхыг;
5.2.2."дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зарчим" гэж олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу дэлхий нийтийн хөгжлийн зорилго, чиг хандлагыг үндэсний онцлогт нийцүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт уялдуулан тусгахыг;
5.2.3."нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл, аргачлал нь нэгдмэл, уялдаатай байж, бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг;
5.2.4."тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ бодлогын тогтвортой байдлыг хадгалж, өмнө батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн, үнэлгээнд үндэслэхийг;
5.2.5."тэнцвэртэй байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааг тодорхойлохдоо хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан байхыг;
5.2.6."нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө санхүү, техник технологи, шинжлэх ухаан, инновац, ур чадвартай ажиллах хүчин болон шаардлагатай бусад нөөцийг урьдчилан тооцоолсон төсөв, төсөөллийн дагуу тодорхойлсон хязгаарлалтын хүрээнд тусгахыг;
5.2.7."ил тод, нээлттэй байх зарчим" гэж хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулснаас бусад тохиолдолд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг олон нийтэд ил тод мэдээлэх, албан ёсоор хэвлэн нийтлэхийг;
5.2.8."судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг тодорхойлохдоо нөөцийн хязгаарлалт болон эрсдэлийг харгалзан үзэж, тогтоосон хугацаанд биелүүлэх боломжтой, бодит, хэмжигдэхүйц зорилго, зорилт дэвшүүлэхийг;
5.2.9."зорилго, зорилт хэмжигдэхүйц байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилтын гүйцэтгэлийг бодлого, төлөвлөлтийн үйл явцад тодорхой тоон болон чанарын үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлж, хэмжих боломжтой байхыг;
5.2.10."шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн гүйцэтгэлийг тоон болон чанарын үзүүлэлтээр хянах боломжтой байхыг;
5.2.11."төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлснээр бий болох үр дүнг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой зохион байгуулалт, дэс дарааллын дагуу төлөвлөхийг;
5.2.12."төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах зарчим" гэж "дээрээс доош" төлөвлөх буюу нэгдсэн зорилго, зорилтыг дэвшүүлж салбар болон бүс нутгуудад хэрэгжүүлэх, "доороос дээш" төлөвлөх буюу төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн саналыг нэгтгэн, нэгдмэл зорилго, зорилтыг тодорхойлж төлөвлөхийг;
5.2.13."бүх талын оролцоог хангасан байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог ханган боловсруулсан байхыг;
5.2.14."төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хуулийн этгээдийг зохистойгоор оролцуулахыг;
5.2.15."оролцогчдын хариуцлагын зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчид нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаан дахь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг тус тус ойлгоно.
5.2.16.“нэгтгэн тайлагнах зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахдаа энэ хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, хөрөнгийн эх үүсвэр, хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлагнахыг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.17.“төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахыг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 5.3-т заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.5.Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.