20 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүрэг

20.1.Орон нутгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

20.1.1.орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

20.1.2.орон нутгийн өмчийн удирдлага;

20.1.3.орон нутгийн төсөв, албан татвар, төлбөр, хураамж;

20.1.4.орон нутгийн сан;

20.1.5.орон нутгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр;

20.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй;

20.1.7.хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамж;

20.1.8.худалдаа, үйлчилгээний зохицуулалт;

20.1.9.орон сууц, нийтийн аж ахуй;

20.1.10.орон нутаг дахь нийтийн тээвэр;

20.1.11.суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоол;

20.1.12.гудамж, талбайн нэр, хаягжуулалт;

20.1.13.хөшөө дурсгалын зохицуулалт;

20.1.14.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж;

20.1.15.орон нутгийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

20.1.16.хог хаягдлын менежмент;

20.1.17.оршуулгын газрын зохицуулалт;

20.1.18.төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.19.гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу;

20.1.20.орон нутгийн цэвэрлэх байгууламж;

20.1.21.орон нутгийн зам, гүүр;

20.1.22.суурин газрын гэрэлтүүлэг;

20.1.23.бэлчээрийн ашиглалт, хамгаалалт.

20.1.24.ургамлын зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмтай тэмцэх арга хэмжээ. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.2.Энэ зүйлд хуулиар зохих нэмэлт оруулсны үндсэн дээр орон нутгийн чиг үүргийг нэмэгдүүлж болно.

20.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно.

20.4.Харьяа нутаг дэвсгэрт хамаарах нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай ашиглуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.5.Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.6.Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.