72 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг дарга яам, агентлагтай харилцах
72.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга яам, агентлагтай доор дурдсан журмаар харилцана:
72.1.1.хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;
72.1.2.шаардлагатай гэж үзвэл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тусган хамтарсан шийдвэр гаргаж, биелэлтийг зохион байгуулах;
72.1.3.нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн асуудлаар яамтай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;
72.1.4.орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;
72.1.5.эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлэх.
72.1.6.харьяалах нутаг дэвсгэртээ үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах, хэрэгжилтийг дүгнүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
72.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.
72.3.Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бүтцэд байна. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./