42 дугаар зүйл. Шүүгчийн хараат бус байх зарчим, баталгаа

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Шүүгчийн хараат бус байх зарчим, баталгаа

42.1.Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.

42.2.Шүүгчийн хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.

42.3.Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:

42.3.1.Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох;

42.3.2.шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулахыг хориглох;

42.3.3.хугацаагүй томилогдож, захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй, аливаа дайчилгаа болон цэргийн жинхэнэ албанд татахгүй байх;

42.3.4.шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах;

42.3.5.шүүгч өөрийн хүсэлтээр ахисан түвшинд мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор хоёр жил хүртэл хугацаагаар гадаад улсад суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдах.

42.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон тус шүүхийн шүүгч гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба эдэлнэ.

42.5.Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.