43 дугаар зүйл. Шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
43.1.Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно. Шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй нэг гэр бүл, төрөл садангийн холбоотой болохоо Ерөнхий зөвлөлд мэдэгдсэн, эсхүл тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хуульч бүртгүүлээгүй, шалгалтад тэнцээгүй, томилогдоогүй, сэлгэн ажиллах захиалгаар шүүгч хүсэлт ирүүлээгүй, зохист ачааллаас илүү ачаалалтай ажиллаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бол дөрвөөс дээш жил ажилласан шүүгчийн зөвшөөрлийг үндэслэн адил шатны өөр шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид хүргүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
43.2.Шүүгчийг энэ хуулийн 43.1-д заасан үндэслэлээр шилжүүлэн томилуулах тухай саналаа Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шүүгчийг шилжүүлэн томилно.
43.3.Шүүгчийн мэргэшил, чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
43.4.Энэ хуулийн 43.1, 43.3-т заасан үндэслэлээр шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг Ерөнхий зөвлөл батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.5.Шүүгч энэ хуулийн 43.3-т заасан сэлгэн ажиллах хугацаа дууссанаар урьд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар бүрэн хангагдана.
43.6.шүүгч энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дууссанаар урд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар хангагдана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./