45 дугаар зүйл. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх
45.1.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загвар, хөтлөх, шийдвэрлэх журмыг Ерөнхий зөвлөл батална.
45.3.Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.
45.4.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
45.5.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ.
45.6.Ерөнхий зөвлөлөөс шилжүүлсэн холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, Ерөнхий зөвлөлд хариу мэдэгдэнэ.
45.7.Ерөнхий зөвлөл эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг олон нийтэд тухай бүр мэдээлнэ.
45.8.Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй.
45.9.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 45.8-д заасны дагуу битүүмжлэн ирүүлсэн тэмдэглэлийг хадгалах бөгөөд эрх бүхий байгууллага, эсхүл шүүгчийн хүсэлтээр холбогдох этгээдэд гарган өгнө.
45.10.Энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй нь шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.