46 дугаар зүйл. Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа

46.1.Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.

46.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

46.3.Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

46.4.Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.

46.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 15.6-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.

46.6.Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг хоёр жилд нэг удаа шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно.

46.7.Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална.

46.8.Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална:

46.8.1.Улсын дээд шүүх өөрийн, Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх;

46.8.2.Улсын дээд шүүх, Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх;

46.8.3.Засгийн газар Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

46.8.4.Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Улсын дээд шүүх болон Ерөнхий зөвлөлийн санал, тайлбарыг сонсох, Засгийн газрын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх.

46.9.Шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.