47 дугаар зүйл. Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа

47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.

47.2.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:

47.2.1.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгох;

47.2.2.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж чадахааргүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;

47.2.3.шүүгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.

47.3.Энэ хуулийн 47.2-т заасан даатгалыг даатгалын байгууллагаас төлнө.

47.4.Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.

47.5.Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.

47.6.Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. /Энэ хэсгийн “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./ /Энэ хэсэгт 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.7.Шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар, ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно.

47.8.Шүүгчийг орон нутагт шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах тохиолдолд орон сууцаар хангах асуудлыг Ерөнхий зөвлөл тухайн нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

47.9.Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.