12 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа

12.1.Хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.

12.2.Тодорхой хугацаа зааж хадгалуулсан хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэж тооцно.

12.3.Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй.

12.4.Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна.

12.5.Хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулна.

12.6.Хадгаламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах хүсэлт тавиагүй бол хадгалагч дараах арга хэмжээг авна:

12.6.1.иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй хадгаламжийн адил хэмжээгээр бодох;

12.6.2.хуулийн этгээд болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдийн хадгаламжийн дансыг гэрээнд заасан харилцах дансанд шилжүүлэх.

12.7.Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй.

12.8.Хадгалуулагч нь хадгалагчаас энэ хуулийн 12.3, 12.7-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

12.9.Хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

12.10.Хадгаламж, зээлийн хоршооноос энэ хуулийн 12.6-д заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.