9 дугаар зүйл. Хадгаламж, харилцах, зээлийн данс нээх, хаах
9.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ харилцагчид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан баримт бичиг, журмыг баримтлан хадгаламж, харилцах, зээлийн данс нээж үйлчилгээ үзүүлнэ.
9.2.Банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу иргэнд данс нээхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
9.2.1.хүсэлт;
9.2.2.мөнгөн хөрөнгө захиран зарцуулах этгээдийн төлбөрийн баримтад зурах гарын үсгийн маяг;
9.2.3.эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
9.2.4.хуульд заасан бусад.
9.3.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд данс нээхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
9.3.1.хүсэлт;
9.3.2.дүрэм, түүнтэй адилтгах баримт бичиг;
9.3.3.тамга, тэмдгийн дардас;
9.3.4.мөнгөн хөрөнгөзахиран зарцуулах албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр төлбөрийн баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маяг нь нотариатаар гэрчлүүлсэн байх;
9.3.5.эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
9.3.6.хуульд заасан бусад.
9.4.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд болон гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьд тэдгээрийг хянан зохицуулж байгаа эрх бүхий этгээдээс тамга, тэмдэг хэрэглэх шаардлага тавьдаггүй тохиолдолд энэ хуулийн 9.3.3 дахь заалт хамаарахгүй.
9.5.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн харилцагчид хадгаламж, харилцах болон зээлийн данс дахин нээх тохиолдолд тухайн харилцагчийн баримт бичигт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг шинэчлэн авах үүрэгтэй.
9.6.Харилцагч энэ хуулийн 9.5-д заасан мэдээллийг өгөхөөс татгалзсан бол үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд заасны дагуу банк, эрх бүхий хуулийн этгээд нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, дансыг хаах, холбогдох гэрээг цуцлах үүрэгтэй.
9.7.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9.2, 9.3-т заасан баримт бичгийг хянан үзээд ажлын таван өдрийн дотор данс нээх, эсхүл эдгээр баримт бичиг хуульд заасан шаардлага хангаагүй бол данс нээхээс татгалзана.
9.8.Банк дараах тохиолдолд дансыг хааж болно:
9.8.1.харилцагч данс хаалгах хүсэлт гаргасан;
9.8.2.харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;
9.8.3.энэ хуулийн 9.6-д заасан нөхцөл бүрдсэн;
9.8.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
9.9.Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн харилцагчийн техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан илэрхийлсэн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 7.3-т зааснаас бусад тохиолдолд цахим хэлбэрээр данс нээж, хааж болно.
9.10.Аливаа дансан дахь мөнгөн хөрөнгийн талаарх мэдээллийг бусдыг хуурч мэхлэх, хуурамч тодорхойлолт гаргах зорилгоор ашиглахыг хориглоно.
МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА