22 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
22.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
22.1.2.дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох арга хэмжээг авах;
22.1.3.соёлын статистик мэдээллийг нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийх;
22.1.4.соёлын үнэт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;
22.1.5.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах болон дотоод, гадаадад үзэсгэлэн гаргахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих;
22.1.6.соёлын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
22.1.7.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
22.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.