13 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих сангийн зарцуулалт
13.1.Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:
13.1.1.монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх, эсхүл олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино бүтээх;
13.1.2.монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;
13.1.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;
13.1.4.кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
13.2.Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:
13.2.1.энэ хуулийн 13.1.1-д зааснаас бусад кино бүтээх;
13.2.2.кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан хөнгөлөлттэй зээлийг дараах этгээдэд олгохгүй:
13.4.1.сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
13.4.2.сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
13.4.3.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
13.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.