9 дугаар зүйл. Кино урлагийн зөвлөлийн бүтэц, бүрэн эрх
9.1.Кино урлагийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.
9.2.Зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална.
9.3.Зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ба бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
9.4.Мэргэжлийн төрийн бус байгууллага кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу нэр дэвшүүлнэ.
9.5.Кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай уран бүтээлч нь энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу бие даан болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшинэ.
9.6.Энэ хуулийн 9.3, 9.4, 9.5-д заасан албан тушаалтан, иргэнийг Зөвлөлийн гишүүнээр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, чөлөөлнө.
9.7.Зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
9.8.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно.
9.9.Зөвлөлийн дарга, гишүүн нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч, хүлээн авагч этгээдтэй нэгдмэл сонирхолгүй байна.
9.10.Зөвлөлийн дарга, гишүүн нь шийдвэр, санал, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.
9.11.Зөвлөл ажлын албатай байх бөгөөд өөрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө, бусад орлогоос санхүүжнэ.
9.12.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх дараах тохиолдолд энэ хуулийн 9.8-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
9.12.1.нас барсан;
9.12.2.чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;
9.12.3.өөр ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл сонгогдсон;
9.12.4.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
9.12.5.хуульд заасан бусад үндэслэл.
9.13.Зөвлөл асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
9.14.Зөвлөл санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.
9.15.Эрх бүхий этгээдээс кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдсон журам батлах, өөрчлөх, хүчингүй болгох тохиолдолд Зөвлөл 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
9.16.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.16.1.кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
9.16.2.энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг олгох;
9.16.3.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
9.16.4.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
9.16.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
9.16.6.төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
9.16.7.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;
9.16.8.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;
9.16.9.олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
9.16.10.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;
9.16.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
КИНО УРЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ