33 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг

33.1.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг дараах зүйлээс бүрдэнэ:

33.1.1.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

33.1.2.бүтээгдэхүүний загварын зураг;

33.1.3.бүтээгдэхүүний загварын тодорхойлолт;

33.1.4.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан зохион бүтээгчийн баталгаа;

33.1.5.зохион бүтээгчээс бусад этгээд патентын мэдүүлэг гаргах бол патент авах эрхээ нотолсон баримт;

33.1.6.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл;

33.1.7.давамгайлах эрх хүссэн бол үүнийг нотлох баримт;

33.1.8.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

33.1.9.хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо.

33.2.Энэ хуулийн 33.1.1-д заасан өргөдөлд дараах зүйлийг тусгана:

33.2.1.бүтээгдэхүүний загварын патент авах тухай хүсэлт;

33.2.2.бүтээгдэхүүний загварыг илэрхийлэх ерөнхий нэр;

33.2.3.бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал;

33.2.4. бүтээгдэхүүний загварын тоо;

33.2.5.мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг улсын нэр, гарын үсэг;

33.2.6.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

33.2.7.зохион бүтээгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг улсын нэр;

33.2.8.мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, хаяг, гарын үсэг;

33.2.9.давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл.

33.3.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ.

33.4.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 33.1.4, 33.1.5, 33.1.6-д заасан баримт бичгийг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах үед, эсхүл патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор ирүүлнэ.

33.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 33.4-т заасан хугацааг нэг сар хүртэл хугацаагаар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

33.6.Энэ хуулийн 33.1.4, 33.1.5, 33.1.6-д заасан зохион бүтээгчийн баталгаа, нотлох баримт, итгэмжлэлийг энэ хуулийн 33.4, 33.5-д заасан хугацаанд оюуны өмчийн байгууллагад ирүүлээгүй бол патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, оюуны өмчийн байгууллага патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

33.7.Бүтээгдэхүүний загварын нэр нь товч, тодорхой, бүтээгдэхүүний загварын олон улсын ангилалд хамаарах нэр томьёог баримталсан байх бөгөөд хийсвэр, эсхүл бэлгэдлийн шинжтэй байж болохгүй.

33.8.Бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод тухайн бүтээгдэхүүний загварын гадаад дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн шинэ болон өвөрмөц шинжийг тодорхойлон бичнэ.

33.9.Бүтээгдэхүүний загварын зураг нь тухайн бүтээгдэхүүний загварын шинэ болон өвөрмөц шинжийг бүрэн харуулсан байна.

33.10.Бүтээгдэхүүний загварын олон улсын нэг ангилалд хамаарах 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг патентын мэдүүлгээр мэдүүлж болно.

33.11.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт тавих шаардлага, патентын мэдүүлэг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг оюуны өмчийн байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.