35 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг хүлээн авах, анхдагч огноо тогтоох
35.1.Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор патентын мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлнэ.
35.2.Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг патентын мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянана.
35.3.Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, патентын мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
35.4.Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл нэг сарын дотор зохих нэмэлт, өөрчлөлт хийх тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
35.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 35.4-т заасан хугацааг нэг сар хүртэл хугацаагаар сунгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
35.6.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 35.4, 35.5-д заасан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж ирүүлээгүй бол оюуны өмчийн байгууллага мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэл хүргүүлнэ.
35.7.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 35.1, 35.3, 35.4, 35.6-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.