38 дугаар зүйл. Сонирхогч этгээдийн эсэргүүцэл
38.1.Энэ хуулийн 25.5, 37.2-т заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш гурван сарын дотор сонирхогч этгээд дараах үндэслэлээр оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж болно:
38.1.1.шинэ бүтээл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй;
38.1.2.бүтээгдэхүүний загвар нь энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан хугацаанд эсэргүүцэл гаргасан бол оюуны өмчийн байгууллага нь эсэргүүцэл хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор анхны шинжээчийг оролцуулахгүйгээр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр мөн чанарын шүүлт дахин хийж, дүгнэлт гаргаж, сонирхогч этгээд болон мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
38.3.Сонирхогч этгээд, эсхүл мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 38.2-т заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргах эрхтэй.
38.4.Сонирхогч этгээд 38.3-т заасан хугацаанд Маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэх хүртэл оюуны өмчийн байгууллага патент олгох эсэх талаар шийдвэр гаргахыг хойшлуулна.