49 дугаар зүйл. Патентыг хүчингүйд тооцох
49.1.Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг дараах тохиолдолд Оюуны өмчийн тухай хуулийн 11.3-т заасан Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж болно:
49.1.1.патент авах эрхгүй этгээдэд патент олгосон;
49.1.2.патентын мэдүүлэг гаргахдаа худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн;
49.1.3.патентын мэдүүлгийн шаардлага хангаагүй шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгосон;
49.1.4.патентын шалгуур хангаагүй шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгосон;
49.1.5.патентаар хамгаалагдахгүй зүйлд патент олгосон.
49.2.Энэ хуулийн 49.1-д заасны дагуу патентыг хүчингүйд тооцсон бол оюуны өмчийн байгууллага улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.
49.3.Энэ хуулийн 49.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох этгээд гомдлоо шүүхэд гаргаж болно.