51 дугаар зүйл. Лицензийн гэрээ

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Лицензийн гэрээ

51.1.Лицензийн гэрээ нь дараах төрөлтэй байна:

51.1.1.патент эзэмшигч нь патентыг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахгүй байх нөхцөлөөр байгуулсан онцгой лицензийн гэрээ;

51.1.2.патент эзэмшигч нь патентыг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахыг хязгаарлаагүй нөхцөлөөр байгуулсан энгийн лицензийн гэрээ.

51.2.Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглуулах лицензийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Оюуны өмчийн байгууллага лицензийн гэрээг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

51.3.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлнө.

51.4.Лицензийн гэрээнд дараах хязгаарлалтыг тогтоосон байж болно:

51.4.1.гэрээний хамрах хүрээ, газар нутгийн ба ашиглах хугацааны хязгаарлалт;

51.4.2.бараа, үйлчилгээний чанарыг сайжруулахад нөлөөлөх нөхцөл;

51.4.3.патент эзэмшигчийн нэр хүнд, эсхүл патентын эрхэд хохирол учруулахгүй байх лиценз эзэмшигчийн үүрэг.

51.5.Лицензийн гэрээнд энэ хуулийн 51.4-т зааснаас өөрөөр хязгаарлалт тогтоохгүй бөгөөд шударга өрсөлдөөн, худалдаа, талуудын хууль ёсны ашиг сонирхлыг илт хязгаарлах шинжтэй нөхцөлийг агуулсан бол тус лицензийн гэрээг оюуны өмчийн байгууллага бүртгэхээс татгалзана.

51.6.Лицензийн гэрээг бүртгэсний дараа тухайн патент нь хүчингүй болсон бол бүртгэгдсэн лицензийн гэрээ хүчингүй болно.

51.7.Лицензийн гэрээний бүртгэлийн тухай мэдээллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.