10 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих

10.1.Энэ хуулийн 6.1-д заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компани Хороонд хүсэлт гаргаж, бүртгүүлнэ.

10.2.Хороо энэ хуулийн 10.1-д заасан хүсэлт, шаардлага хангасан бүрэн гүйцэд баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд зургаа хүртэл сарын хугацаагаар Хорооны дарга нэг удаа сунгаж болно.

10.4.Хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ тухай хүсэлт гаргагчид мэдэгдэх бөгөөд хүсэлт гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангаж бүртгүүлэх хүсэлтээ ажлын 30 өдрийн дотор дахин гаргаж болно.

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан хугацаанд баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлээгүй тохиолдолд хүсэлтийг буцааж, хүсэлт гаргаагүйд тооцно.

10.6.Энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаагүй бол Хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй.

10.7.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компанийн болон үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл нийтэд нээлттэй ил тод байна. Хороо бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдээллийг шинэчилнэ.

10.8.Хороо энэ хуулийн 7.1.2, 7.1.5, 7.1.6-д заасан шаардлагыг хангасан эсэх асуудлаар мэргэжлийн холбоогоор дүгнэлт гаргуулж болох бөгөөд дүгнэлт гаргуулахтай холбогдсон зардлыг хүсэлт гаргагч хариуцна.

10.9.Хороо виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.1.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавих шаардлагыг тодорхойлох, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох, энэ хуулийн 10.8-д заасан мэргэжлийн холбоонд тавих шаардлагыг тогтоох журмыг батлах;

10.9.2.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

10.9.3.энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах;

10.9.4.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулах, чадавхжуулах арга хэмжээ авахыг даалгах;

10.9.5.энэ хуулийн 10.6-д заасны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхээс татгалзах;

10.9.6.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон энэ хуулийн 4.1.4, 7.2-т заасан этгээдээс шаардлагатай баримт, мэдээ, мэдээллийг гаргуулан авах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

10.9.7.шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагатай хамтран энэ хуулийн 10.9.6-д заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

10.9.8.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох, шийдвэрлүүлэх;

10.9.9.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох, бүртгэлээс хасах;

10.9.10.энэ хуулийн 8.6-д заасан аудитын хуулийн этгээдийг бүртгэх.

10.10.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улсаас хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд Хорооноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хязгаарлалт тогтоож болно.

10.11.Хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэргэшсэн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.

10.12.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Хорооноос шаардсан бол тодорхой чиглэлээр аудит хийлгэх бөгөөд үүнтэй холбогдсон зардлыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.

10.13.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.

10.14.Энэ хуулийн 10.9.1-д заасан журмаар Хороо нь өөртөө энэ хуульд зааснаас бусад бүрэн эрх олгохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.