9 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ
9.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэлд дараах нөхцөлийг заавал тусгаж, хүлээн зөвшөөрснийг баталгаажуулна:
9.1.1.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөө;
9.1.2.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэлээс хасагдаж, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд авах арга хэмжээ;
9.1.3.виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, эсхүл Төв банк, эсхүл Засгийн газраас баталгаажихгүй талаарх мэдээлэл;
9.1.4.виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй талаарх мэдээлэл;
9.1.5.виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдох нөхцөл;
9.1.6.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, харилцагчийн эрх, үүрэг;
9.1.7.харилцагчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэх нөхцөл;
9.1.8.виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэнэ огцом өөрчлөгдөх эрсдэлийн талаарх мэдээлэл;
9.1.9.виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар, нөхөн төлөгдөхгүй байх эрсдэлийн талаарх мэдээлэл;
9.1.10.виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэлийн талаарх мэдээлэл;
9.1.11.виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх эрсдэлийн талаарх мэдээлэл;
9.1.12.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох эрсдэлийн талаарх мэдээлэл;
9.1.13.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэлийн талаарх мэдээлэл.
9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн талууд гэрээнд тусгаж болно.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТ, БАРИМТЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, НУУЦЛАЛ