8 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

8.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэгтэй:

8.1.1.үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн хангаж ажиллах;

8.1.2.харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах;

8.1.3.энэ хуулийн 9.1.8, 9.1.9, 9.1.10, 9.1.11, 9.1.12, 9.1.13-т заасан эрсдэлийн талаарх мэдээллийг харилцагчид гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэх;

8.1.4.өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах;

8.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүдэн гарах хохирлыг хариуцах;

8.1.6.харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн данс /хаяг/-ыг үйлчилгээ үзүүлэгчийн данснаас тусад нь байршуулж ажиллах;

8.1.7.энэ хуулийн 7.1.4-т заасан бизнес төлөвлөгөөнд орсон өөрчлөлтийг тухай бүр Хороонд хүргүүлэх;

8.1.8.энэ хуулийн 4.1.4, 7.2-т заасан этгээд өөрчлөгдөх бол Хорооноос баталсан журмын дагуу хүсэлтээ урьдчилан гаргаж, шийдвэрлүүлэх;

8.1.9.Хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг түр зогсоосон, эсхүл бүртгэлээс хассан бол энэ талаарх мэдээллийг өөрийн харилцагчдад нэн даруй мэдэгдэх.

8.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, энэ хуулийн 4.1.4, 7.2-т заасан этгээд, ажилтан нь Хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээллийг саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар шуурхай явуулах нөхцөлөөр хангана.

8.3.Хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол энэ тухай тайлбараа энэ хуулийн 7.2-т заасан этгээд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.4.Харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн данс /хаяг/-н дахь хөрөнгийг харилцагч, эсхүл харилцагчаас эрх олгосон итгэмжлэл бүхий этгээд захиран зарцуулах эрхтэй.

8.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн данс /хаяг/-н дахь хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.

8.6.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа Хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж Хороонд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.