7 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага
7.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1.тухайн компанийн үзүүлэх үйлчилгээ энэ хуулийн 6.1-д заасан виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарсан байх;
7.1.2.виртуал хөрөнгийн үйлчилгээнд ашиглах мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх;
7.1.3.хүсэлт гаргагч болон хүсэлтэд дурдсан үйл ажиллагаатай холбогдох бусад этгээдийн мэдээлэл тодорхой байх;
7.1.4.тухайн үйл ажиллагааны дөрвөн жилийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байх;
7.1.5.дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх;
7.1.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системтэй байх;
7.1.7.өөрийн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байх;
7.1.8.тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн байх;
7.1.9.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх;
7.1.10.үйл ажиллагаагаа зогсоох, татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй байх;
7.1.11.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгчийн дугаартай байх;
7.1.12.татварын өргүй тухай татварын албаны тодорхойлолт;
7.1.13.Татварын ерөнхий хуулийн 28.2-т заасан стандартын шаардлага хангасан төхөөрөмж хэрэглэх;
7.1.14.улсын тэмдэгтийн хураамж, Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн байх;
7.1.15.энэ хуулийн 7.2-т заасан шаардлагыг хангасан байх;
7.1.16.Хороо шаардлагатай гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.12-т заасан журмын дагуу Сэндбокст үйл ажиллагаа явуулж, амжилттай гарсан байх;
7.1.17.хуульд заасан бусад.
7.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх удирдлага болон Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байна:
7.2.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7.2.2.мөнгө угаах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгагдсан бусад гэмт хэрэг, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байх;
7.2.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд харшлахгүй байх;
7.2.4.санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын нэг, эсхүл хэд хэдэн чиглэлээр мэргэшсэн байх;
7.2.5.хуульд заасан бусад.
7.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд өөрийн хөрөнгийн хэмжээг Хороо тогтооно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан өөрийн хөрөнгөд гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө хамаарахгүй.
7.5.Холбогдох этгээд энэ хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т заасан шаардлагыг хангасан байна.
7.6.Энэ хуульд заасны дагуу бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
7.7.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.