12 дугаар зүйл. Нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох

12.1.Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан нээлттэй өгөгдлийг мэдээлэл хариуцагч өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтэлнэ.

12.3.Нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулж болох бөгөөд хандахад хялбар байх, хуулах, эрэмбэлэх, хайлт хийх боломжтой байх, ашиглах нөхцөлийг тодорхойлсон байна.

12.4.Мэдээлэл хариуцагч өөрийн боловсруулсан нээлттэй өгөгдлийг тогтмол шинэчилж байна.

12.5.Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдөлд тавигдах шаардлага болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан Засгийн газар батална.

12.6.Нээлттэй өгөгдлийн жагсаалт, нээлттэй өгөгдлийг нийтлэх хугацааг Засгийн газар тогтооно.

12.7.Хууль болон энэ хуулийн 12.6-д заасан жагсаалтад заасан нээлттэй өгөгдлийг үнэ төлбөргүй нийтэлнэ.

12.8.Энэ хуулийн 12.6-д заасан жагсаалтад ороогүй, эсхүл нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авах хүсэлт гаргасан бол мэдээлэл хариуцагч нээлттэй өгөгдлийг төлбөртэйгээр өгч болно.

12.9.Энэ хуулийн 12.8-д заасан төлбөр тооцох аргачлалыг Засгийн газар батална.

12.10.Дараах тохиолдолд нээлттэй өгөгдлийг нийтлэхийг хориглоно:

12.10.1.тухайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан төрийн болон албаны нууц, хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бол;

12.10.2.тухайн нээлттэй өгөгдөл нь оюуны өмчийн эрхийг зөрчихөөр бол;

12.10.3.тухайн нээлттэй өгөгдлийг нийтэлснээр хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр бол;

12.10.4.хуульд заасан бусад.

12.11.Нээлттэй өгөгдөл нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар ирүүлсэн гомдлыг мэдээлэл хариуцагч ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.

12.12.Энэ хуулийн 12.11-д заасан үндэслэлээр гомдол ирүүлсэн тохиолдолд мэдээлэл хариуцагч нь тухайн нээлттэй өгөгдөлд хандах хандалтыг гомдол шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсооно.

12.13.Энэ хуулийн 12.11-д заасан гомдлыг хянан шийдвэрлэсэн мэдээлэл хариуцагчийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.