13 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд мэдээлэл авах
13.1.Хүн, хуулийн этгээд мэдээллийг хүсэлт гаргаж, эсхүл цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байршуулсан мэдээллийг хүсэлт гаргалгүйгээр тухайн цахим хуудсанд хандаж авч болно.
13.2.Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, хязгаарлалттай мэдээлэл авах бол хүсэлтийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
13.3.Цаасан болон хуульд заасны дагуу цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.4.Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.4.1.хүсэлт гаргагч нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр;
13.4.2.хүсэлт гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа газрын хаяг, шуудангийн хаяг, харилцах утасны дугаар;
13.4.3.хязгаарлалттай мэдээлэл авах бол мэдээлэл авах зорилго, мэдээллийн эзний зөвшөөрөл;
13.4.4.мэдээллийн агуулга, мэдээлэл хүлээн авах хэлбэр.
13.5.Цаасан хэлбэрээр гаргах хүсэлтийг хүн гарын үсэг зурж, хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна.
13.6.Хүн, хуулийн этгээдийн цахим хэлбэрээр гаргасан хүсэлт нь тухайн хүн, хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу таньж баталгаажуулах боломжтой байна.
13.7.Хүсэлт гаргагч хүн хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол түүнийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгч нь гарын үсэг зурна.
13.8.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхийг нотлох баримт бичгийг хавсаргана.
13.9.Хүсэлтэд хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.