15 дугаар зүйл. Мэдээлэл авах хүсэлт бүртгэх, шийдвэрлэх
15.1.Мэдээлэл хариуцагч мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хөтөлж, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
15.1.1.хүсэлтийг хүлээн авч, мэдээллээр хангах;
15.1.2.хүсэлтийг холбогдох мэдээлэл хариуцагчид шилжүүлэх;
15.1.3.хүсэлтийг буцаах.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан бүртгэлд дараах зүйлийг тусгана:
15.2.1.хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, харилцах утасны дугаар, хаяг;
15.2.2.хүссэн мэдээллийн товч агуулга;
15.2.3.хүсэлт хүлээн авсан, мэдээлэл өгсөн он, сар, өдөр, хэлбэр;
15.2.4.хүсэлтийг буцаасан тохиолдолд буцаасан үндэслэл, хэлбэр;
15.2.5.мэдээллийг бүрэн, эсхүл хэсэгчлэн өгсөн эсэх;
15.2.6.шаардлагатай бусад.
15.3.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл урд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин хандсан, эсхүл хүсэлтэд дурдсан мэдээлэл байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй бол уг хүсэлтийг буцааж болох ба үндэслэлийг тодорхой заана.
15.4.Мэдээлэл хариуцагч тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хуулиар нээлттэй, ил тод байлгах мэдээллийг хүн, хуулийн этгээдэд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн бүрэн гүйцэд, үнэн зөв, тодорхой өгнө.
15.5.Мэдээллийг амаар, бичгээр, цахим болон хуульд харшлахгүй бусад хэлбэрээр өгч болох бөгөөд хүн, хуулийн этгээдийг хүсвэл мэдээлэлтэй биечлэн танилцуулж болно.
15.6.Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлээн авсан мэдээлэл хариуцагч мэдээллийг дараах хугацаанд өгнө:
15.6.1.шууд өгөх боломжтой мэдээллийг хүсэлтийг хүлээн авсан даруй;
15.6.2.энэ хуулийн 15.6.1-д зааснаас бусад мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор.
15.7.Тухайн мэдээллийн цар хүрээ, мэдээллийг бэлтгэх шаардлагатай хугацааг харгалзан энэ хуулийн 15.6-д заасан хугацааг тухайн мэдээлэл хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан ажлын 10 хүртэл өдрөөр сунгаж болно.
15.8.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийг төлөөлөх эрх бүхий хүнд мэдээллийг өгнө.
15.9.Мэдээллийг өгсөн он, сар, өдөр, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр, мэдээлэл олгосон хэлбэр, мэдээллийг бүрэн, эсхүл хэсэгчилж өгсөн эсэх зэрэг мэдээллийг тусган бүртгэл хөтөлнө.
15.10.Цахим мэдээллийн сангаас авч болох мэдээллийн цахим холбоосыг хүсэлт гаргагчид мэдэгдсэнээр хүсэлтийг шийдвэрлэсэнд тооцно.