18 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

18.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц нь үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем, мэдээллийн сүлжээ болон нийтийн мэдээллийн сангаас бүрдэнэ.

18.2.Энэ хуульд заасан үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем нь нийтийн мэдээллийн системд хамаарна.

18.3.Үндсэн систем нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн төрийн мэдээлэл солилцооны систем байна.

18.4.Дэмжих систем нь үндсэн болон мэдээлэл хариуцагчийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан мэдээллийн систем байна.

18.5.Дэмжих системд дараах систем хамаарна:

18.5.1.танилт, нэвтрэлтийн систем;

18.5.2.нийтийн түлхүүрийн дэд бүтэц;

18.5.3.албан бичиг солилцооны дундын систем;

18.5.4.мэдээлэл солилцооны бүртгэлийн систем;

18.5.5.мэдэгдэл хүргэх систем;

18.5.6.төрийн үйлчилгээний нэгдсэн систем;

18.5.7.төлбөр тооцооны систем;

18.5.8.хуульд заасан бусад;

18.5.9.Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн бусад систем.

18.6.Мэдээлэл хариуцагчийн систем нь төрөөс баримтлах харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэл, мэдээллийн аюулгүй байдлын стандартад нийцсэн байна.

18.7.Мэдээлэл хариуцагч, хүн, хуулийн этгээд нь үндсэн болон дэмжих системд холбогдоход энэ хуулийн 18.11-д заасан болон бусад хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

18.8.Үндсэн системийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын шийдвэрээр үүсгэх бөгөөд тус системийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хяналт тавина.

18.9.Мэдээлэл хариуцагч хоорондоо болон мэдээлэл хариуцагчаас хүн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр мэдээлэл солилцохдоо үндсэн системийг ашиглана.

18.10.Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журмыг Засгийн газар батална.

18.11.Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

18.12.Үндсэн системийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулна.

18.13.Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 18.3-т заасан үндсэн системээр дамжуулан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй.

18.14.Энэ хуулийн 18.13-т заасан мэдээллийг мэдээлэл хариуцагч энэ хуулийн 18.3-т заасан үндсэн системээс татан авч бүрдүүлнэ.

18.15.Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд нь хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээгээ энэ хуулийн 18.11-д заасан нөхцөл, шаардлагыг хангаж, үндсэн болон дэмжих системийг ашиглан үзүүлж болно.

18.16.Энэ хуулийн 18.15-д заасан хуулийн этгээд үндсэн болон дэмжих систем ашиглан үйлчилгээ үзүүлэх бол цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулна.

18.17.Энэ хуулийн 18.16-д заасан гэрээний загвар, зардал тооцох аргачлал, гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.

18.18.Нийтийн мэдээллийн дэд бүтэц нь эрх бүхий байгууллагаас тогтоосон цагийн улсын эталоныг ашиглана.

18.19.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлсэн үйлчилгээний төсөвт төвлөрүүлсэн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг үндсэн болон дэмжих систем хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.