4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."мэдээллийн систем" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг;

4.1.2."мэдээллийн сүлжээ" гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг;

4.1.3."мэдээллийн эзэн" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан хүн болон тухайн мэдээллээр тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг;

4.1.4."мэдээлэл ашиглах" гэж мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;

4.1.5."мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг;

4.1.6."мэдээлэл цуглуулах" гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

4.1.7."нийтийн мэдээллийн дэд бүтэц" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг;

4.1.8."нийтийн мэдээлэл" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг;

4.1.9."цахим баримт бичиг" гэж мэдээллийн системийг ашиглан үүсгэх, боловсруулах, хадгалах, илгээх болон хүлээн авах боломжтой мэдээллийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.