16 дугаар зүйл. Хүсэлтийг шийдвэрлэх, гэрчилгээ олгох
16.1.Гэрчилгээжүүлэх байгууллага энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын гурван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
16.1.1.хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу гаргасан, хүсэлт гаргагчийн мэдээлэл үнэн зөв бол гэрчилгээг олгох;
16.1.2.хүсэлт гаргагчийн мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаах.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан шийдвэрийг гаргахад хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийг төлөөлөх хүний төлөөлөх эрх, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн дугаараар хүн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв, баримт бичиг нь хүчинтэй эсэхийг шалгана.
16.3.Хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрчилгээ авахдаа энэ хуулийн 12.1-д заасны дагуу гэрчилгээний үнийг төлнө.
16.4.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ олгохдоо тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой дараах мэдээллийг хүсэлт гаргагчид тайлбарлаж өгнө:
16.4.1.хуульд өөрөөр заагаагүй бол тоон гарын үсэг хэрэглэснээр цаасан хэлбэрт байгаа баримт бичигт зурсан гарын үсэгтэй адил эрх зүйн үр дагавар үүсэх тухай;
16.4.2.гэрчилгээг эзэмших, ашиглах техникийн болон бусад нөхцөлийн тухай;
16.4.3.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай;
16.4.4.гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх тухай.
16.5.Гэрчилгээг тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх зааврын хамт гэрчилгээ эзэмшигчид олгоно.
16.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээ олгохдоо гэрчилгээ эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна.
16.7.Энэ хуулийн 16.6-д заасан гэрээнд тусгах мэдээллийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
16.8.Төрийн албан хаагчид гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.