20 дугаар зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүрэг

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүрэг

20.1.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах эрхтэй:

20.1.1.гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх,хүчингүй болгох;

20.1.2.хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр гэрчилгээ үүсгэх;

20.1.3.хуульд заасан бусад.

20.2.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах үүрэгтэй:

20.2.1.техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаа явуулах;

20.2.2.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

20.2.3.хүн, хуулийн этгээдийн гэрчилгээ авах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хүсэлтийг байнга хүлээн авах зохион байгуулалт, тогтолцоог бүрдүүлэх;

20.2.4.хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах;

20.2.5.гэрчилгээтэй холбоотой бүртгэл хөтлөх, бүртгэлийг хадгалах;

20.2.6.энэ хуулийн 13.1-д заасан сангийн тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

20.2.7.гэрчилгээний үндэсний сан болон бусад гэрчилгээжүүлэх байгууллагын мэдээллийн сантай тасралтгүй мэдээлэл солилцдог байх;

20.2.8.гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

20.2.9.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан жагсаалтад орсон тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглах;

20.2.10.гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй байх;

20.2.11.гэрчилгээг хуульд заасан журмын дагуу шалгах боломжийг бүрдүүлэх, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуурамч гэрчилгээ олгохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;

20.2.12.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой мэдээллийг гэрчилгээ эзэмшигчид тайлбарлах;

20.2.13.гэрчилгээг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон талаар гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэж, мэдээллийг даруй гэрчилгээний мэдээллийн санд оруулах;

20.2.14.энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулан тогтмол шинэчлэх;

20.2.15.хуульд заасан бусад.

20.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 20.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

20.3.1.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

20.3.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсаны дагуу гэрчилгээтэй холбоотой бүртгэл, хяналтын талаарх үнэн зөв мэдээлэл өгөх;

20.3.3.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн баримт бичигт заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын гурван өдрийн дотор цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг гэмтээх, хүчинтэй гэрчилгээг хүлээн авахгүй байх, хүчингүй болгосон гэрчилгээг ашиглах тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ эзэмшигчийн өмнө үүрэг хүлээхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.