29 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
29.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
29.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
29.1.2.хуулийн этгээд татан буугдсан;
29.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
29.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
29.2.Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч сунгах тухай хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.
29.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлсэн гэрчилгээний мэдээллийн санг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлнэ.
29.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.3-т заасны дагуу хүлээлгэн өгсөн гэрчилгээний мэдээллийн санг гэрээний үндсэн дээр өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ.
29.5.Энэ хуулийн 29.1, 29.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа, нөхцөл хэвээр хадгалагдах бөгөөд үүнтэй холбоотой бодит зардлыг гэрчилгээний мэдээллийн санг хүлээлгэн өгсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
29.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу, эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэй.