10 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан
10.1.Төрийн захиргааны төв байгууллага нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/-тай байна.
10.2.Мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээллийн сангийн бүрдэл хэсэг байна.
10.3.Мэдээллийн сан нь дараах дэд сангуудаас бүрдэнэ:
10.3.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан;
10.3.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл;
10.3.3.генийн сангийн тоон өгөгдлийн сан;
10.3.4.холбогдох бусад мэдээлэл.
10.4.Энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэл нь олон улсын мэдээлэл солилцооны төвтэй холбогдоно.
10.5.Энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон мэдээллийн сангийн бүрдэл үзүүлэлтийн жагсаалт, бүртгэлийн маягтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.6.Иргэн, хуулийн этгээд өөрт хадгалагдаж байгаа генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх ном, судар, эрдэм шинжилгээний бүтээл, гар бичмэл, аман мэдээлэл, эдгээртэй адилтгах бусад мэдээллийн цахим хуулбарыг мэдээллийн санд бүртгүүлж, хадгалуулахаар хүргүүлж болно.
10.7.Энэ хуулийн 10.6-д заасан этгээд генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоогдсон бол үр шим хүртэх эрх үүснэ.
10.8.Энэ хуулийн 10.6-д заасан бүртгэлийг баталгаажуулсан тодорхойлолтыг төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны алба цахим, эсхүл цаасан хэлбэрээр олгоно.