5 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
5.1.Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ.
5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.
5.3.Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.
5.4.Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.
5.5.Улсын баяр наадмыг нийслэл хотод, эсхүл Засгийн газраас тогтоосон газарт, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тэмдэглэнэ.
5.6.Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулан тэмдэглэж болно.
5.7.Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.
5.8.Энэ хуулийн 5.7-д заасан баяр наадмыг зохион байгуулахад аймгийн баяр наадамтай адилтган үзнэ.
5.9.Улс, аймаг, сумын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг явуулна.
5.10.Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадмаас тусдаа нийслэл хот, дагуул хот, дүүрэг, хороо, баг баяр наадам зохион байгуулахгүй.
5.12.14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.
ТӨРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ