27 дугаар зүйл. Далбааны эзэн улсын хяналт
27.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц болон багийн бүрэлдэхүүн олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт, шалгалтыг далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
27.2.Хяналт, шалгалт нь дараах чиглэлтэй байна:
27.2.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц техникийн аюулгүй ажиллагааг хангаж, далайн тээврийн аюулгүй байдал, далайн орчныг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлснийг баталгаажуулах;
27.2.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх;
27.2.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны бодит нөхцөл байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас олгосон хөлөг онгоц дээр байрлуулсан гэрчилгээнд заасан техникийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;
27.2.4.хөлөг онгоцны багийн гишүүд бүх төрлийн бохирдлоос сэргийлэх болон аюулгүй ажиллагааны үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
27.2.5.хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын ажлын гүйцэтгэл болон далбааны эзэн улсын өмнөөс үйл ажиллагаа явуулахаар томилогдсон шинжээчдийн ажилд хяналт тавих.