28 дугаар зүйл. Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

28.1.Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг олгоно.

28.2.Хяналтын улсын байцаагч нь хөлөг онгоцны инженер мэргэжилтэй, далайн салбарын ажлын туршлагатай, холбогдох сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэргэшсэн, эрүүл чийрэг, бие бялдрын бэлтгэлтэй байх зэрэг ерөнхий шаардлагыг хангасан байна.

28.3.Хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.3.1.албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас, техник, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдах;

28.3.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд чөлөөтэй нэвтрэх, зорчих;

28.3.3.хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг хөлөг онгоц эзэмшигчээс болон ахмадаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

28.3.4.хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар хөлөг онгоц эзэмшигч болон ахмадад шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

28.3.5.хяналт, шалгалтаас гаргасан дүгнэлт, албан шаардлага, тоон мэдээлэл, нотлох баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

28.3.6.хуульд заасны дагуу хариуцлага оногдуулах;

28.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

28.4.Хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

28.5.Далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг Далайн захиргаанаас томилсон далайн эрэг бүхий улсын хянан шалгагч хэрэгжүүлж болно.

28.6.Хянан шалгагч нь хөлөг онгоцны инженерийн мэргэжилтэй, хөлөг онгоц дээр мэргэжлээрээ тасралтгүй таваас доошгүй жил ажилласан байх бөгөөд энэ хуулийн 28.3.1, 28.3.2, 28.3.3, 28.3.4, 28.3.5-д заасан бүрэн эрхийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.