29 дугаар зүйл. Хөлөг онгоцонд хяналт, шалгалт хийх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хөлөг онгоцонд хяналт, шалгалт хийх

29.1.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцыг боомтод ирэхээс өмнө хяналт, шалгалт хийх талаар хөлөг онгоцны төлөөлөгчид урьдчилан мэдэгдэнэ.

29.2.Хөлөг онгоцны төлөөлөгч нь хяналтын улсын байцаагч, хянан шалгагчийг хөлөг онгоц дээр гарахад шаардагдах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас урьдчилан авч бэлтгэсэн байна.

29.3.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоц боомтод ирмэгц хөлөг онгоцны бүх хэсэг, тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байх нөхцөлд хөлөг онгоцны ахмад, багийн гишүүдийг байлцуулан хяналт, шалгалт хийнэ.

29.4.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлын талаар хөлөг онгоц эзэмшигчид мэдэгдэнэ.

29.5.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцны багийн гишүүний хөдөлмөрийн нөхцөл, ажиллаж, амьдрах байр, хоол хүнсний хангамж, эрүүл мэндийн хамгаалал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжид хяналт, шалгалт хийхээс гадна хөлөг онгоц болон далайчинд олгосон чадамжийн гэрчилгээг нягтлан шалгана.

29.6.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцын дагуу шаардлагад нийцсэн багийн бүрэлдэхүүнтэй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, гал унтраах хэрэгслийн нөхцөл байдалд чиглэсэн шалгалт явуулна.

29.7.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн дагуу хөлөг онгоцны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай тайлан гаргаж, баталгаажуулна.

29.8.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын тайланг хөлгийн ахмадад заавал танилцуулна.

29.9.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын үеэр зөрчил илэрсэн тохиолдолд энэ тухай хөлгийн ахмадад мэдэгдэх бөгөөд хөлгийн ахмад зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

29.10.Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийх журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.