37 дугаар зүйл. Далайд хүний аюулгүй байдлыг хангах
37.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн нийт даац нь 500 тонн болон түүнээс дээш даацтай хөлөг онгоц Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцод заасны дагуу үзлэг, шалгалтад хамрагдана.
37.2.Хөлөг онгоцны их бие, бүтэц, машин механизм, цахилгааны тоног төхөөрөмж болон радио холбоо нь шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, шалгалт хийж гүйцэтгэнэ.
37.3.Хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.
37.4.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 37.1-д заасан конвенцын хавсралтад заасан загвартай ижил байна.
37.5.Зорчигч тээврийн хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг нэг хүртэл жил, ачааны хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.
37.6.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын аялалд гардаггүй хөлөг онгоц нэг удаагийн олон улсын аялалд гарах тохиолдолд Далайн захиргаа энэ хуулийн 37.3-т заасан шаардлагаас чөлөөлж болох бөгөөд аяллын хугацаанд тухайн хөлөг онгоцонд баримтлах зааварчилгаагаар хангана.
37.7.Энэ хуулийн 37.6-д заасны дагуу чөлөөлөх гэрчилгээний хугацаа нь энэ хуулийн 37.5-д заасан хугацаатай ижил байна.
37.8.Энэ хуулийн 37.6-д заасны дагуу гэрчилгээ олгож, шаардлагаас чөлөөлсөн тохиолдолд Далайн захиргаа энэ тухай болон чөлөөлсөн үндэслэлийн талаар Олон Улсын Далайн Байгууллагад мэдэгдэнэ.
37.9.Туршилтаар нотолж, шаардлага хангасан тохиолдолд хөлөг онгоцны тоног төхөөрөмж, материал хэрэгслийг ижил төрлийн тоног төхөөрөмж, материал хэрэгслээр орлуулахыг зөвшөөрч болох бөгөөд энэ талаар Далайн захиргаа нь Олон Улсын Далайн Байгууллагад мэдээлнэ.
Хоёрдугаар дэд бүлэг