38 дугаар зүйл. Аврах ажиллагаа

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Аврах ажиллагаа

38.1.Аяллын үед тусламж хүссэн мэдээг хүлээн авмагц ахмад өөрийн хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр аврах ажиллагаа явуулах газарт дээд хурдаар хүрэлцэн очиж, шаардлагатай тусламж үзүүлэх, аврах ажиллагаа явуулах үүрэгтэй.

38.2.Ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн нэрийн өмнөөс аврах ажиллагаа явуулах гэрээ байгуулах, ахмад, эсхүл хөлөг онгоц эзэмшигч нь тухайн хөлөг онгоц дээрх эд, хөрөнгө эзэмшигчийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй байна.

38.3.Хөлөг онгоцыг чирж аюулгүй газарт хүргэх үйлдэл аврах ажиллагаанд хамаарна.

38.4.Аврах ажиллагаатай холбоотой гэрээг зүй бус нөлөөллөөс, эсхүл аюул заналхийллийн нөлөөгөөр байгуулсан бөгөөд гэрээний нөхцөлүүд нь шударга бус, гэрээнд тусгасан төлбөр нь үзүүлсэн үйлчилгээний хувьд хэт их буюу бага байна гэж үзвэл аврах ажиллагаатай холбоотой гэрээг бүхэлд нь буюу зарим хэсгийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцож болно.

38.5.Аврагч нь аюулд орсон хөлөг онгоцны эзэмшигчийн өмнө дараах үүргийг хүлээнэ:

38.5.1.аврах ажиллагааг зохих ёсоор явуулах;

38.5.2.аврах ажиллагааг гүйцэтгэхдээ байгаль орчинд хор хөнөөл учруулахаас сэргийлэх буюу учрах хохирлыг хамгийн бага байлгах арга хэмжээ авч ажиллах;

38.5.3.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан бусад аврагчаас тусламж хүсэх;

38.5.4.аюулд орсон хөлөг онгоцны эзэмшигч, ахмад, эсхүл эд хөрөнгө эзэмшигчийн хүсэлтээр бусад аврагчдын оролцоог хүлээн зөвшөөрч болох бөгөөд энэ нь аврах ажиллагааны урамшууллын хэмжээнд нөлөөлөхгүй.

38.6.Аюулд орсон хөлөг онгоц эзэмшигч, ахмад, эд хөрөнгө эзэмшигч нь аврах ажиллагааны үеэр аврагчтай идэвхтэй хамтран ажиллаж, байгаль орчинд учрах хор хохирлоос урьдчилан сэргийлэх, хохирлыг хамгийн бага байлгахыг хичээх бөгөөд хөлөг онгоц болон эд хөрөнгийг аюулгүй байршилд авчирсан үед хүлээн авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.