39 дугаар зүйл. Аврах ажиллагааны урамшуулал
39.1.Аврах ажиллагааг гэрээний дагуу амжилттай явуулж, эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд аврагчийг урамшуулна.
39.2.Шүүхээр тогтоогдсоноос бусад урамшуулал нь тухайн аврагдсан хөлөг онгоц, эсхүл тоног төхөөрөмжийн өөрийн үнэлгээнээс хэтрэхгүй байна.
39.3.Аврах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн ч урамшуулал авч чадаагүй аврагч байгаль орчинд учрах хохирлоос сэргийлэх, хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд зарцуулсан зардлаа хөлөг онгоц эзэмшигчээр нөхөн төлүүлж болно. Шүүхээс байгаль орчныг хамгаалахын тулд аврагчийн гаргасан хүчин чармайлт, зардлыг тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж болох ч, нэмэгдэл нь аврагчийн зарцуулсан нийт зардлын хэмжээнээс хэтрэхгүй байна.
39.4.Аврах ажиллагаа явуулах хэмжээний аюул үүсэж, гэрээний дагуу аврах ажиллагаа явуулсан гэж үзэхүйц тусламж, үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд урамшуулал авахгүй.
39.5.Аврах ажиллагааны гүйцэтгэлд зориулан олгох хөлөг онгоц эзэмшигч болон багийн гишүүдийн урамшууллыг аврах ажиллагаа явуулахтай холбогдон гарсан зардлын дүнг хасахаас өмнө дараах зарчмын дагуу хуваарилна:
39.5.1.нийт урамшууллын тавны гурвыг хөлөг онгоц эзэмшигчид, тавны хоёрыг ахмад болон багийн гишүүдэд хуваан олгох;
39.5.2.энэ хуулийн 39.5.1-д заасны дагуу урамшууллыг хуваарилахдаа ахмад болон багийн гишүүн бүрийн аврах ажиллагааны үеэр гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн цалин хөлсийг харгалзан үзэх.
39.6.Энэ хуулийн 39.5-д заасан урамшууллын зарчмыг өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд аврах үйл ажиллагаа явуулсны дагуу авсан урамшууллын хуваарилалтад хэрэглэхгүй.
39.7.Аврагдсан хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийг эзэмшигч нь аврах ажиллагаа дууссаны дараа аврагчийн зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоц, бусад эд хөрөнгийг хөдөлгөхгүй.
39.8.Төлбөр төлөх хариуцлага хүлээсэн этгээд аврагчийн хүсэлтээр түүний авбал зохих урамшуулал, зардлыг төлнө. Аврагдсан хөлөг онгоц, эд хөрөнгийг эзэмшигч нь урамшууллын төлбөрийг тус бүрийн аварсан хөрөнгөтэй шууд уялдуулан төлнө.
39.9.Хөлөг онгоц эзэмшигч нь нийт урамшууллыг бусад төлбөр төлөгч талуудын өмнөөс урьдчилан төлсөн бол тухайн талаас зардлаа нөхөн гаргуулж болно. Ийнхүү төлбөр төлсөн хөлөг онгоц эзэмшигч бусад талаас тус бүрийн аварсан хөрөнгөтэй нь уялдуулан зардлыг гаргуулж илүү төлсөн зардлаа нөхнө.
39.10.Аврагдсан хөлөг онгоц эзэмшигч нь ачааг буулгахаас өмнө аврагчид төлсөн нийт төлбөрөөсөө ачаа эзэмшигчид хамаарах хэсгийг зардлын хамт ачаа эзэмшигчээс нэхэмжлэн авах талаар боломжит бүх алхмыг хийнэ.
Гуравдугаар дэд бүлэг