42 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцоор газрын тос тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх
42.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 150 ба түүнээс дээш тоннын даацтай газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц, 400 ба түүнээс дээш тоннын даацтай бусад бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.
42.2.Хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.
42.3.Далайг газрын тосоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.
42.4.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.
42.5.Далайг газрын тосоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.
42.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.
42.7.Хөлөг онгоцыг алдагдсан тос илрүүлэх, шүүх, дохио өгөх системээр тоноглож, тосны бүртгэл хөтөлнө. Бүртгэлд хөдөлгүүрийн машин механизмын хэсгийн, ачааны болон тэнцвэржүүлэх үйл ажиллагааг тэмдэглэнэ.
42.8.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайн захиргаанаас баталсан далай тосоор бохирдох үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.