43 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцоор хортой шингэн бодис тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцоор хортой шингэн бодис тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх

43.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хортой шингэн бодис тээвэрлэгч бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

43.2.Хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

43.3.Далайг шингэн хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

43.4.Далайг шингэн хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

43.5.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

43.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

43.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн шингэн хортой бодис тээвэрлэгч хөлөг онгоц бүр Далайн захиргаанаас баталсан ачааг боловсруулах, цистернийг цэвэрлэх, цалгилтыг багасгах, цистернийг тэнцвэржүүлэх талаарх үйл ажиллагаа ба зохицуулалтын гарын авлагыг хөлгийн тавцан дээр авч явна.

43.8.Хөлөг онгоц дээр шингэн хортой бодистой холбоотой ажиллагаа явагдсан тохиолдолд ачааны бүртгэлийг цистерн тус бүрийн хувьд хөтөлж, уг бүртгэлд ачаа боловсруулахтай холбогдсон ажиллагаа болон хортой шингэн бодис алдагдсан ослыг бүртгэж тэмдэглэнэ.

43.9.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайн захиргаанаас баталсан далай хортой шингэн бодисоор бохирдсон үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.